Элчин сайдын яамандаа бүртгүүлээрэй!






БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Г.БАТТУНГАЛАГ ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЮКИА АМАНОД ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА БАРИВ

Монгол Улсаас Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн дэргэд суух Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тус байгууллагын Ерөнхий захирал Юкиа Аманод Итгэмжлэх захидлаа барив. Итгэмжлэх захидлаа барьсантай нь холбогдуулан Ерөнхий захирал Ю.Амано Байнгын төлөөлөгч Г.Баттунгалагийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Техникийн хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэнд тухайлбал, хавдрын эмчилгээ, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг олон салбарт ОУАЭА-тай хамтран 1975 оноос хойш олон арван төсөл үр дүнтэй хэрэгжүүлж ирснийг Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг тэмдэглэв. Цаашид Монгол Улсын хөгжлийн зорилтод бодит хувь оруулах, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарын техникийн чадавхийг бэхжүүлэх, агаарын бохирдлыг багасгах зэрэг чиглэлд Монгол-ОУАЭА-ийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг зорьж байгаагаа тэрээр мөн илэрхийлэв. Цөмийн технологийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх зэргээр Монгол Улс хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд нь ОУАЭА-ийн зүгээс бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахаа Ерөнхий захирал Ю. Амано нотлов.