Элчин сайдын яамандаа бүртгүүлээрэй!






Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниерт Итгэмжлэх захидлаа өргөн барив

Монгол Улсаас Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занниерт Итгэмжлэх захидлаа өргөн барив.

Монгол Улс ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүн улсын хувьд байгууллагын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ЕАБХАБ-ын үйл ажиллагааны үндсэн гурван чиглэл болох цэрэг-улс төрийн, эдийн засаг, байгаль орчны болон хүний аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг уулзалтын үеэр тэмдэглэв. Түүнчлэн Нарийн бичгийн дарга нарын газарт анхны монгол иргэн ажиллаж эхлээд байгаад талархлаа илэрхийлж, монголын иргэдийн тоог цаашид нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий нарийн бичгийн даргаас хүсэв.

Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-т гишүүнээр нэгдэн орсноосоо хойш идэвхтэй хамтран ажиллаж ирснийг Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер тэмдэглэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бүр бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

ЕАБХАБ болон бүс нутаг, олон улсад өрнөж буй анхаарал татсан зарим асуудлаар Байнгын төлөөлөгч Ерөнхий нарийн бичгийн дарга нар харилцан санал солилцож, ярилцлаа.