Элчин сайдын яамандаа бүртгүүлээрэй!


Венад төвтэй олон улсын байгууллагуудын ажлын зар







ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЕАБХАБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 12 дугаар сарын 8-ны өдөр ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Т.Гремингертэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар харилцан ярилцав.

Сайд Д.Цогтбаатар ЕНБД Т.Гремингерт уг албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, олон улсад энх тайван, аюулгүй байдлыг хангах, итгэлцлийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахад ЕАБХАБ-ыг чухал үүрэгтэй байгууллага гэж үздэгийн хувьд Монгол Улс хоёр талын харилцаа, хамтын ажиллагаандаа ихээхэн ач холбогдол өгдөгийг нотолж, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Тэрээр хэд хэдэн салбар, түүний дотор хүн худалдаалах гэмт хэрэг, терроризмээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн монгол залуусыг ЕАБХАБ-ын Нарийн бичгийн даргын газар хийгээд харьяа байгууллагуудад дадлагажуулах санал тавив.

ЕНБД Т.Гремингер баяр хүргэсэнд нь хариу талархал илэрхийлж, ЕАБХАБ-ын отгон гишүүн Монгол Улс байгууллагын үйл ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулж ирснийг үнэлж байдгаа тэмдэглэн өгүүлэв. ЕНБД манай талын сонирхлыг анхааран үзэж, хамтарч ажиллахаа илэрхийлэв.