Элчин сайдын яамандаа бүртгүүлээрэй!


Венад төвтэй олон улсын байгууллагуудын ажлын зар







АВСТРИЙН “ДЭЛХИЙН МУЗЕЙ”-Н НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА, ОЛОН УЛСЫН УРЛАГИЙН ТОГЛОЛТОД МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧ ОРОЛЦОВ

Жил бүрийн 10 дугаар сарын 26-ны өдөр тохиодог Австрийн Үндэсний баярыг тэмдэглэх хүрээнд Вена хотын “Дэлхийн музей”-н нээлтийн ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр болов. Музейг албан ёсоор нээх цуврал арга хэмжээг Австрийн Ерөнхийлөгчийн ивээл дор Вена хотын захиргаа, музейн захиргаа хамтран зохион байгуулсан бөгөөд түүний нэг нь Вена хотын төв талбай /Heldenplatz/-д болсон олон улсын урлагын наадам юм.

Урлагын наадам-тоглолтыг Австрийн алдарт жүжигчин, зохиолч Андре Хеллер найруулсан бөгөөд тоглолтод Монгол, Австрали, Энэтхэг, Иран, Мексик зэрэг 11 улсын уран бүтээлчид үндсэний язгуур урлагийн бүтээлээрээ оролцсон. Уг тоглолтод морин хуурч Д.Энхжаргал “Violons Barbares” монголын язгуур урлагыг орчин цагийн хөгжимтэй хослуулсан уран бүтээлээрээ оролцсон нь онцлог байв.

Дэлхийн музейн нээлтийн ажиллагааг Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дэр Бэллэн нээж үг хэлэв. Түүнчлэн Австрийн Соёл, урлагийн сайд Томас Дрозда, Дэлхийн музейн Ерөнхий захирал Сабина Хааг, гүйцэтгэх захирал Стивен Энгелсманн нар оролцсны зэрэгцээ Холливудын алдарт жүжигчин Тилда Свингтон, кино найруулагч Вес Андерсон, Михаель Ханеке нар хүндэт зочноор уригдаж оролцов.

Вена хотын Дэлхийн музейн барилгыг засварлах болсноос үүдэн үйл ажиллагааг нь 2013 оноос хойш түр зогсоогоод байсан юм.

Музей нь Австрийн судлаачдын дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан дэлхийн улс, үндэстний соёлын эд өв бүхий 220 мянган үзмэртэй бөгөөд тэдгээрийг орчин цагийн хэв маягаар дэлгэн байршуулах ажлыг өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн байна.

Австрийн судлаач Ханс Ледер-ийн XIX эхэн үеийн монголчуудын шашин болон ахуй соёлыг илэрхийлсэн эд өвийн зүйлсийн цуглуулгаа Дэлхийн музейн санд хандивласан байна. Тэдгээрээс 10 гаруйг нь “Азийн соёл” танхимдаа байршуулсан байна.