ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЮНИДО-ГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оны 12 сарын сарын 8-ны өдөр Вена дахь НҮБ-ын байранд зочилж, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын /ЮНИДО/ Ерөнхий захирал Ли Ёнгтой уулзалт хийв. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг уулзалтын үеэр тэмдэглэв.

ЮНИДО-гийн Ерөнхий захирал Ли Ёнг Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлж, эдийн засгийг төрөлжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, технологи дамжуулах чиглэлд хамтын ажиллагаа өргөжүүлэхээ нотлов. Хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд ЮНИДО-гийн Ерөнхий захирал Ли Ёнг манай улсад ойрын хугацаанд айлчлахаар болов.