ВЕНА ХОТНОО ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 12 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

“Монгол хүн - Монгол зүрх” уриан дор Европ дахь Монголчуудын Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яам, Австри дахь “Монголын төлөө зүрх бүхэнд” ТББ хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд ХБНГУ, ОХУ, ИБУИНВУ зэрэг Европын 12 улсад оршин суугаа Монголчуудаас бүрдсэн нийт 36 сагсан бөмбөгийн баг, хөлбөмбөгийн 7 багийн 500 орчим тамирчид хурд хүчээ сорин өрсөлдлөө.

Тус тэмцээний сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн ангилалд ХБНГУ-аас оролцсон “Буяны сэтгэлт хүү”, эмэгтэйчүүдийн ангилалд мөн Герман улсаас оролцсон “Sky” эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг тус тус тэргүүлж, Гадаад харилцааны яамны өргөмжлөл, шилжин явах цөмөөр шагнуулав. Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд удаах байруудыг “Мон Бер”, “Соёмбо” багууд нар эзэлсэн бол Швед улсаас оролцсон “Оддын охид”, “Money Polo” багууд эмэгтэйчүүдийн төрөлд мөнгө, хүрэл медаль хүртэв.

Энэ удаагийн тэмцээний хүрээнд “Монголын төлөө зүрх бүхэнд” ТББ-ны санаачлагаар Европ дахь Монголчуудын заалны хөлбөмбөгийн аварга шалгаруулах Анхдугаар тэмцээнийг зохион байгуулав. Заалны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 7 баг оролцсоноос Австрийн “Монгол зүрх” баг тэргүүлэв. Энэхүү тэмцээн цаашид уламжлал болгон Европ дахь Монголчуудын дунд зохион байгуулагдах аж.

Түүнчлэн тус тэмцээний үеэр баг тамирчдад зориулсан Биллиардын тэмцээн, мөн хөтөчтэй аялал зохион байгуулснаар урьд урьдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс шинэлэг байв. Мөн тэмцээний үеэр зарим залуучуудад спортын зэрэг, МЗХ-ны Хөдөлмөрийн алдар медалиар шагнаж урамшуулав.

Европ дахь Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээнийг Австри улсад оршин суугаа иргэд, оюутан залуусын идэвхтэй оролцоотойгоор зохион байгуулав.

Дараагийн 13 дахь удаагийн тэмцээнийг Бүгд Найрамдах Чех улсад суугаа Монголчуудын холбоод зохион байгуулахаар болов.