АВСТРИЙН ТИРОЛ, ЗАЛЬЦБҮРГ МУЖУУДАД АЖИЛЛАВ.

Австрийн баруун болон баруун хойд бүсийн Тирол, Зальцбүрг мужуудад ажиллаж, суралцаж буй монгол иргэдтэй уулзах, тэдэнд консулын үйлчилгээ үзүүлэх зорилгоор Элчин сайдын яамны төлөөлөгчид 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд тэдгээр мужид ажиллав.

Энэ үеэр Элчин сайд Г.Баттунгалаг эдгээр мужид оршин суугаа монгол иргэдтэй уулзаж, зарим арга хэмжээнд оролцов. Тухайлбал, Зальцбүрг хотод 2013 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй Монгол сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Тус сургуулийн үйл ажиллагааг дэмжиж, бага ангийн сурах бичгүүдийг Элчин сайдын яамнаас бэлэглэв.

Вена хотоос алсагдмал Иннсбрүк, Зальцбүрг хотод явуулсан консулын үйлчилгээнд монгол иргэд өргөнөөр хамрагдав. Тухайлбал, иргэний шинэчилсэн бүртгэл хийх, шинээр төрсөн хүүхдийг бүртгэх, гадаад паспортын сунгалт хийх зэрэг консулын бүх чиглэлийн үйлчилгээг иргэддээ үзүүлсний зэрэгцээ нийгмийн даатгал, гэр бүл зэрэг дотоодын холбогдох хууль, тогтоомжийн талаар зөвлөлгөө өгч ажиллав.