ВЕНА ХОТНОО МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛОВ.

Австри дахь Монгол Соёлын нийгэмлэгийн дэргэдэх Монгол хэл, соёлын сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн нээлтийн ажиллагаа Вена хотноо 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр болов.

Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд Элчин сайд Г.Баттунгалаг оролцож, Монголын уламжлалт соёл, ёс заншлын сэдвээр хүүхдүүдэд хичээл заав. Нээлтийн ажиллагаанд Вена хотод оршин суугаа 20 гаруй монгол хүүхэд эцэг, эхийн хамт оролцов.

Мөн тус ЭСЯ-наас тус сургуулийн үйл ажиллагааг дэмжиж, бага ангийн монгол хэлний сурах бичгүүдийг Монгол соёлын нийгэмлэгт бэлэглэв.

Вена хот дахь Монгол хэл, соёлын сургууль Австрид оршин суугаа монгол хүүхдүүдэд монгол хэл, ёс заншил, түүх, соёлын чиглэлээр чиглэлээр 4 дэх жилдээ сургалт явуулж байна.

Энэ хичээлийн жилд 20 гаруй хүүхэд тус сургуульд суралцахаар бүртгүүлээд байгаа бөгөөд сургалт долоо хоног бүрийн Бямба гаригт Афра-Азийн институтийн байранд явагдана.

Монгол хэл, соёлын сургуулийн 2017-2018 оны хичээлийн хөтөлбөрт монгол хэлний хичээлээс гадна ардын аман зохиол, үлгэр, оньсого, монгол соёл, ёс заншлын хичээл орно.