Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 61 дүгээр чуулганд үг хэлэв

Энэ 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд болж буй Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 61 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, ОУАЭА-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ өнөө цагийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны олон сорилтыг даван туулахад, ОУАЭА, тэр дундаа цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг бэхжүүлэх олон улсын хүчин чармайлтыг дэмжих, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах улс орнуудын чадавхийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлов.

Мөн Монгол Улсаас цөмийн энерги, цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах, цөмийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлсэн ажил, цаашид тавьж буй зорилтыг танилцуулж, энэ хүрээнд ОУАЭА-ийн техникийн тусламж, дэмжлэг ихээхэн хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв.

Монгол Улс 1973 онд ОУАЭА-ийн гишүүнээр элссэнээс хойш Агентлагийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цөмийн технологи, аргачлалыг эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, геологи, уул уурхайн салбарт нэвтрүүлэх, үндэсний чадавхийг бэхжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж байна.