Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 61 дүгээр чуулганы Дэд даргаар Монгол Улс сонгогдов

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 61 дүгээр чуулган Вена хотноо ажлаа эхэллээ. Чуулганд ОУАЭА-ийн гишүүн 168 улс, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын 2500 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Чуулганы даргаар Филиппин улсын төлөөлөгч сонгогдсон бөгөөд Монгол, Австрали, АНУ, Болгар, Гана, Мексик, Финланд улсын төлөөлөгчид дэд даргаар сонгогдов.

Чуулганаар ОУАЭА-ийн үйл ажиллагааны тайлан, төсөв зэргийг хэлэлцэхээс гадна цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, техникийн хамтын ажиллагаа, цөмийн шинжлэх ухаан, технологийг энхийг зорилгоор ашиглах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг 26 багц асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргана.

Гренада Улсыг ОУАЭА-ийн шинэ гишүүнээр элсүүлэх, Ерөнхий захирал Ю.Аманог дахин томилох асуудлыг Ерөнхий бага хурал эхний өдрийн хуралдаанаараа шийдвэрлээ. ОУАЭА-ийн Ерөнхий захирал Ю.Амано 2009 оноос хойш тус албыг хашиж буй бөгөөд гурав дахь удаагаа томилогдлоо.

Ерөнхий захирал Ю.Амано Ерөнхий бага хурлын чуулганыг нээж үг хэлэхдээ цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах олон улсын хүчин чармайлтыг дэмжиж ажиллахаа нотолж, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, тэр дундаа 2030 Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах үйлст гишүүн орнуудтай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын хүрээнд “Цөмийн технологи хүний эрүүл мэнд: Урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ” сэдэвт шинжлэх ухааны форум, цөмийн эрчим хүчний ирээдүйн хөгжил, цөмийн шинжлэх ухаан, технологийн төвийн хөгжил, улс орнуудын цөмийн салбарын сайн туршлагын талаарх 60 гаруй арга хэмжээ, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.