ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг 6 дугаар сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахорт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч Борут Пахор Элчин сайдыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Г.Баттунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, хоёр улс хоорондын харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хоёр талын харилцаа төдийгүй НҮБ болон олон талт яриа хэлэлцээний механизмын хүрээнд хоёр улс хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлж туршлагаа хуваалцаж ажиллахыг чухалчилж буйгаа уулзалтын үеэр мөн илэрхийлэв.

Тэрээр Элчин сайд Г.Баттунгалаг Любляна хотноо ажиллах үеэрээ Словени Улсын Боловсролын сайд, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Аялал жуулчлалын үндэсний зөвлөлийн удирдлага зэрэг албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцлаа.